ТУЗ ЖУРАМ ТӨСӨЛ


ТӨСӨЛ
“Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2015 оны 03 дугаар сарын ....-ны .... өдрийн  ....  дугаар тогтоолын хавсралт


“ДАРХАН АЗЗА” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү журмын зорилго нь Компанийн тухай хуулийн 76.1.13, 80.4 дэх заалтууд, Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 142 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “...компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн журам”-ыг болон “Дархан АЗЗА” төрийн өмчит хувьцаат компани (цаашид компани гэх)-ийн дүрмийг үндэслэн, компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид ТУЗ гэх)-ийн эрх, ТУЗ-ийн хурлын бэлтгэлийг хангаж, зарлан хуралдуулах, шийдвэр гаргаж мэдээлэх, биелэлтэд нь хяналт тавих, ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн даргын үүрэг, гишүүдийн хариуцлага, компанийн гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, хариуцлагыг ил тод болгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.ТУЗ нь “Компанийн дүрмийн зургаадугаар зүйл”-ийн 6.1-ээс 6.4 заалтуудын дагуу холбогдох асуудал, төслийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг Төрийн өмчийн хороо (цаашид Хувьцаа эзэмшигчдийн хурал гэх) хэрэгжүүлнэ.

1.3.ТУЗ-ийн гишүүн бүр нь компанийн ашгийн төлөөх хэлэлцэж байгаа асуудалд ажил хэрэгч хандаж, компанийн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн гишүүдээс болон хөндлөнгийн аудитор, улсын байцаагч, хуульч, лаборант, шинжээч, хороо, яамдын мэргэжилтэн нараас албан ёсоор тайлагнаж танилцуулсан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжийг болон аудитлагдсан санхүүгийн байдлын тайлан, хөрөнгийн эх үүсвэр, зардал, Шүүхийн шийдвэр зэргийг үндэслэн, компанийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй.

Хоёр. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх
2.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1.Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлогыг тогтоох; 
2.1.2.Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөл, түүнд олгох шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
2.1.3.Аудитын байгууллагыг сонгож, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлийг тогтоож санхүү, эдийн засгийн үйл ажиллагаандаа бүрэн, эсвэл хэсэгчилсэн аудит хийлгэх, компанийн жилийн санхүүгийн байдлын тайланг хөндлөнгийн аудитороор баталгаажуулж, дүгнэлт, зөвлөмж гаргуулах;
2.1.4.Компанийн жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн байдлын тайлан, стратегийн төлөвлөлтийн талаар дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулж, хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргах, хяналт тавих;
2.1.5.Компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот төвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төслийг ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, энэ үндсэн дээр орлого, ашгийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, техник-технологийг сайжруулах судалгаа, тооцоог үндэслэлтэй хийлгэх, гишүүдийн саналыг тусгуулах зорилгоор буцаах, мөн шаардлага хангасан бол батлуулахаар дүгнэлт, шийдвэр гаргаж дэмжих, 
2.1.5.1.Компанийн дүрмийн 6.4.14, 7.3.2 дугаар заалтуудын дагуу компанийн зорилтот төвшин, үзүүлэлтүүдийг хянан тогтоож, холбогдох асуудал, төслийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хугацаанд нь хэлэлцүүлэн батлуулах; 
2.1.6.Компанийн жилийн бизнес төлөвлөгөөг хянан батлах; 
2.1.7.Компанийн тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасан их хэмжээний хэлцэлд, 12 бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд хяналт тавих, зөвлөмж дүгнэлт гаргах;
2.1.8.Компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх; 
2.1.9.Эрсдэлийн удирдлага болон дотоод хяналтын тогтолцоог зөв зохион байгуулах; 
2.1.10.Компанийн үйл ажиллагаа, мэдээлэл нээлттэй,  ил тод байх, Үүнд;
2.1.10.1.ТУЗ-ийн даргын удирдлагын дор Аудитын хорооны хараат бус гишүүд нь www.darhan-az.blogspot.com гэсэн блог цахим хуудсыг үнэ төлбөргүй нээн ажиллуулах замаар холбогдох хууль тогтоомж, журам, заавар, норм, стандарт, тэдгээрийн хэрэгжилтийн тайланг болон компанийн зорилтот төвшний үзүүлэлт, төлөвлөгөөний биелэлт, ололт амжилт, туршлага, дотоод, гадаадын техник, технологийн мэдээллийг түгээж, олон нийтэд сурталчилна.
2.1.10.1.1.Блог цахим хуудсаар зохиогчийн эрхийг зөрчихгүйгээр мэдээлэл хуваалцан түгээх зорилгоор холбогдох тоо баримт, шинэлэг санаа, үйлдвэр, байгууламж, стандарт, шинэ бүтээл, ашигтай загвар, арга техник, технологи, туршлагын тухай мэдээлэл, дүрс бичлэг, гэрэл зургийг компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, ерөнхий санхүүч-нягтлан бодогч, ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нараас цахим шуудангаар хүлээн авах, мөн авто замын салбарын цахим хуудасны холбоос, эх сурвалжаас тус тус иш татан ажиллуулах.    
2.1.11.Компанийн тухай хуулийн 76.1.12 дугаар заалт, холбогдох шийдвэрийг үндэслэн, компанийн дүрмийн 4.1, 4.2-д болон 7.19.13-д заасны дагуу ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргах, ногдол ашгийн хэмжээ, хугацааг тодорхойлох;
2.1.12.ТУЗ нь компанийн дүрмийн 8.9.1-8.9.5 заалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд гүйцэтгэх удирдлагын ажлын үр дүн, тайлан, гэрээний үүргийн биелэлтийг  жилд хоёроос доошгүй удаа хэлэлцэн шийдвэр дүгнэлт гаргах;
2.1.13.Компанийн дүрмийн зургаадугаар зүйлийн заалтуудыг хэрэгжүүлж, түүнчлэн хөндлөнгийн аудиторын дүгнэлт, түүнд компанийн гүйцэтгэх удирдлагаас гаргасан тайлбарыг хүлээн авч ТУЗ-ийн аудитын хорооны гишүүдээр зөвлөмж гаргуулж, холбогдох асуудал, төлөвлөгөөний төсөл, дүгнэлтийг Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэх зэрэг болно.
2.1.14.Компанийн тухай хуулийн 75.4-т заасны дагуу гурван хараат бус гишүүнийг ТУЗ-д сонгож чадаагүй тохиолдолд ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцогдоно.

Гурав. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал
3.1.Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг үндэслэн, компанийн дүрмийн зургаадугаар зүйлийн дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, удирдамжийг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд ТУЗ-ийн хурал гишүүдийнх нь 66 хувиас дээш дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.

3.2.Компанийн дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн хурлыг хуралдуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт хурал хийж болно.

3.3.ТУЗ-ийн хурлаас тогтоол, тэмдэглэл гаргана. Компанийн дүрмийн 7.23-д заасныг үндэслэн, уг тогтоол, тэмдэглэлд компанийн ТУЗ-ийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно.

3.4.ТУЗ-ийн хурлыг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага болон компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдуулна.

3.5.ТУЗ-ийн хурлаар асуудал шийдвэрлэхэд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна.

3.6.ТУЗ-ийн хуралд оролцсон гишүүд нь хурлын тэмдэглэлд гарын үсэг зурах бөгөөд тухайн тэмдэглэлийн үнэн зөвийг тухайн хурлын дарга хариуцна. ТУЗ-ийн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай бичгээр тайлбар гаргана.

3.7.ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг буруу хөтөлсөн нь тухайн хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дөрөв. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
4.1.ТУЗ-ийн дарга нь компанийн дүрмийн болон холбогдох хууль, тогтоомжийн заалтуудыг мөрдөж ажиллана. ТУЗ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, хурал хуралдуулж удирдах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, шийдвэр гаргах, цахим мэдээлэл түгээж ил тод нээлттэй байлгах, хяналт тавих үүргийг хүлээнэ.

4.2.Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 142 дугаар тогтоолоор баталсан үлгэрчилсэн журам”-уудыг үндэслэн, ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо, цалин, урамшууллын хороо, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журмуудыг, мөн Компанийн тухай хуулийн 76.1.13-д болон компанийн дүрмийн долоодугаар зүйлд зааснаар “Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны болон компанийн засаглалын дотоод журам”-ыг ТУЗ-ийн хурлаар хэлцүүлэн баталж мөрдүүлнэ.

4.3.Компанийн дүрмийн 6.1-д заасны дагуу компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан шийдвэр, ТУЗ-д өгсөн удирдамжийг нь хэрэгжүүлнэ.

Тав. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг
5.1.ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар буюу компанийн дүрмийн 7.20 дугаар заалтын дагуу томилогдож, ажиллана.
5.2.ТУЗ-ийн нарийн бичгийн дарга дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
5.2.1.ТУЗ-ийн дотоод үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах.
5.2.2.ТУЗ-ийн болон түүний дэргэдэх хороодын хурлын тогтоол, тэмдэглэл, албан бичиг, баримтыг үйлдэх арга, “MNS5140, MNS5142, MNS5141 цуврал стандарт”, “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын дагуу зохион боловсруулж, хөтлөх, бүрдүүлэх, мэдээллийг эмх цэгцтэй аюулгүй байлгах нийтийн соёлыг хэвшvvлж хяналт тавих.
5.2.3.ТУЗ-ийн нарийн бичгийн дарга дараах ажлыг зохион байгуулж хийнэ. Үүнд:
5.2.3.1.ТУЗ-ийн хурлын бэлтгэлийг хангах; 
5.2.3.2.ТУЗ, түүний хороодын хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой мэдээлэл болон шийдвэрийн төсөл, бусад баримт бичгийг зохих журмын дагуу бэлтгэх; 5.2.3.2.1.Компанийн дүрмийн арван дөрөвдүгээр зүйлд дурьдсан холбогдох баримт бичгийн иж бүрдлийг ханган компанид албан ёсоор хүлээлгэн өгч, архивын шаардлагын дагуу хадгалуулах;
5.2.3.3.ТУЗ-ийн гишүүдэд хурлын зар, энэ журмын 5.2.3.2-д дурьдсан шийдвэрийн төсөл, холбогдох мэдээллийг утас, цахим шуудангаар 3 хоногийн өмнө хүргэх;
5.2.3.4.ТУЗ, түүний хороодын хурлын тэмдэглэлийг хөтлөх, хурлын шийдвэрийг зохих журмын дагуу баталгаажуулж, ТУЗ-ийн гишүүдэд танилцуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.3.5.ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал болон бусад оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах ажлыг зохион байгуулах;
5.2.3.6.Холбогдох саналыг тусган боловсруулсан “ТУЗ, түүний хороодын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө”-ний төслөө хурлаар хэлэлцүүлж батлуулах, ажлыг нь уялдуулан зохицуулах.

Зургаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хүлээх хариуцлага
6.1.Дараах үндэслэлээр ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгохыг Хувьцаа эзэмшигчдийн хуралд  санал болгоно.  Үүнд:
6.1.1.Компанийн засаглалын хүрээнд санхүү, эдийн засаг, техник, технологи, зорилтот төвшний үзүүлэлтүүдийг дээшлүүлэхийн төлөө ёс суртахуунтай, хариуцлагатай, санаачилгатай үнэнч шударга ажиллаж чадахгүй байгаа бол;
6.1.2.ТУЗ-ийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд үл хүндэтгэх шалтгаанаар хоёроос дээш удаа оролцоогүй бол;
6.1.3.Авлига, залилангийн гэмт хэрэг, сонирхлын зөрчилд нэр нь холбогдсоныг хууль хяналтын байгууллагаас тогтоосон бол; 
6.1.4.Компанийн дүрмийн заалтуудыг мөрдөөгүй, компанид хохирол учруулсан бол.

6.2.Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.8.-д заасны дагуу ТУЗ-ийн гишүүд нь компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байна.

6.3.ТУЗ-ийн гишүүн ба хараат бус гишүүн нь “Компанийн тухай хуулийн болон компанийн дүрмийн холбогдох заалтуудыг мөрдөж, компанийн ажлын ололт, үр дүн, шийдвэрийн хэрэгжилтийн тухай цахим мэдээлэл солилцож ил тод ажиллана.
 
Долоо. Компанийн гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, хариуцлага
7.1.Гүйцэтгэх удирдлагын үндсэн чиг үүрэг нь:
7.1.1.Төрийн өмчийн хууль ёсны ашиг сонирхол, “Компанийг чиглүүлэн удирдах, хянах тогтолцоо”-ны хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу эрхлэн явуулах, ТУЗ-ийг мэдээллээр хугацаанд нь хангах;
7.1.2.ТУЗ, түүний дэргэдэх хороодын хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэх, ажиллагчдынхаа мэргэжил, ур чадварыг байнга дээшлүүлэх; 
7.1.3.Авто замын болон гүүр байгууламжийн засвар, арчлалтын ажлыг график-төлөвлөгөө, норм, дүрэм, стандарт, технологийн шаардлагын дагуу хугацаа алдалгүй баталгаатай, чанартай гүйцэтгэж байх;
7.1.4.Компанийн эдийн засгийн үзүүлэлт, орлого, ашгийн хэмжээг нэмэгдүүлэхэд тус тус чиглэгдэнэ.

7.2.Компанийн гүйцэтгэх удирдлага нь холбогдох хууль тогтоомж, компанийн дүрэм, журам, стандарт, компанийн засаглалын тулгуур зарчмууд, батлагдсан гэрээ, хэлцэл, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй. 

7.3.Гүйцэтгэх удирдлага нь төлөвлөгдөөгүй их хэмжээний хэлцэл, ажил үйлчилгээ хийх тухай асуудал, шийдвэрийн төслийг ТУЗ, салбарын яаманд танилцуулж, зөвшөөрөл олгосны үндсэн дээр хэрэгжүүлнэ. 

7.4.Гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүн дэх хувь хүмүүс нь гүйцэтгэх удирдлагын чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвар, боломжоор хангагдсан, үр дүнтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна.
7.5.Гүйцэтгэх удирдлагад ажиллах хувь хүн, багийн гишүүд нь мэргэжлийн мэдлэг, дадлага туршлага, чадвараа компанийн ашгийн төлөө зориулж, тогтвортой ажиллах боломжтой, хүсэл эрмэлзэлтэй байна.

7.6.Гүйцэтгэх удирдлага нь компанийн эрх ашигт нийцүүлэн ажиллахад саад, бэрхшээл учруулж болох нөхцөл байдал, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, тийм байдал, алдагдал, хохирол үүсгэхгүй ажиллах үүрэгтэй.

7.7.Аливаа зөрчил, маргааныг зохистой хэлбэрээр шуурхай шийдвэрлэж ажиллах үүрэгтэй. 

7.8.Гүйцэтгэх удирдлага нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх мэдээ, мэдээлэл, баримт материалтай саадгүй танилцах, холбогдох мэдээллийг цаг тухай бүр авах боломжоор хангагдсан байна.

7.9.Гүйцэтгэх удирдлагад ажиллах хувь хүнтэй байгуулах гэрээнд ажлын зорилго, зорилтууд, хүлээгдэж буй үр дүн,  урамшууллын хэмжээ-олголт, хүлээх хариуцлага, эрх хэмжээг нь түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл зэргийг тусгана. Мөн гүйцэтгэх удирдлага өөрийн үйл ажиллагааны талаарх тайлан, тоо баримт, мэдээлэл бэлтгэж гаргах-хүргэх хугацаа хуваарийг хавсаргана.
7.9.1.Гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас компанид, хамт олонд, төрийн өмчид учирсан хохирлыг гүйцэтгэх удирдлага хувийн өмчөөсөө барагдуулах, шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалтыг түүнтэй байгуулах гэрээнд тусгана. 
Гүйцэтгэх удирдлагыг өөрийнх нь хөрөнгөөр хариуцлагын даатгалд хамруулах арга хэмжээ авч болно.

7.10.Гүйцэтгэх удирдлага нь ажилтнуудынхаа мэргэжил, чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллана.

7.11.Үйл ажиллагаандаа бизнесийн түншүүд, ажилчид болон төрийн ашиг сонирхлыг харгалзан ажиллана. Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчил бүхий хэлцэл болон компанийн хэтийн үйл ажиллагаанд гарч болох ноцтой сөрөг үр дагавар бүхий асуудлаар бие даасан шийдвэр гаргахыг хориглоно.

7.12.Гүйцэтгэх удирдлага нь эрх хэмжээгээ хэтрүүлж, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн компанийн талаарх аливаа мэдээ, мэдээллийг ашиглаж болохгүй.
     
7.13.Компанийн дүрмийн 10.5, 10.6, 10.7-д заасныг үндэслэн, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тавих дотоод хяналт шалгалтын ажил үүргийг компанийн холбогдох ажилтнуудын “Ажлын байрны тодорхойлолт” тус бүрт зохистой хуваарилан тусгаж, ажлын үр дүн, арга хэмжээ, зөвлөмжийг ТУЗ-д танилцуулж, цахим шуудангаар ирүүлнэ.
7.13.1.Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг мөрдөнө.
7.13.2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баталсан дараах “Хяналтын хуудас” бүрийг өөрсдөө хэрэглэн, дотоод хяналт шалгалтыг өөрсдөө хийх замаар дотоод зөрчил, болзошгүй эрсдэлээ илрүүлж, түүнээс урьдчилан сэргийлж ажиллана. Үүнд:
-"Авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдлыг шалгах хяналтын хуудас",
-"Авто замын засвар, арчлалтын ажлыг шалгах хяналтын хуудас",
-"Гүүрийн засвар, арчлалтын ажлыг шалгах хяналтын хуудас",
-"Гүүрийн угсралтын ажлыг шалгах хяналтын хуудас". 

7.14.Компанийн тухай хуулийн 84.1-д дурьдсан компанийн эрх бүхий албан тушаалтан, үүнээс гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, ерөнхий санхүүч-нягтлан бодогч, ерөнхий инженер нь “Компанийн тухай хуулийн аравдугаар зүйл”-д, компанийн дүрэмд болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаар тушаалын хавсралтуудад заасан үүрэг, хариуцлага, шаардлагын талаарх холбогдох заалтуудыг мөрдөхийн зэрэгцээ дараах тохиолдолд хариуцлага хүлээнэ. Үүнд:
7.14.1.Төрийн өмчийн хорооны 2012 оны 274 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан тус компанийн дүрмийн болон холбогдох бусад хууль тогтоомж, журмын заалтуудыг, авто зам, гүүр байгууламжийн засвар, арчлалтын үйл явцын технологи, норм дүрэм, стандарт, чанарын шаардлагыг мөрдөөгүй, мэргэжлийн ёсзүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол;
7.14.2.ТУЗ-ийн хуралд бэлтгэлгүй оролцсон, ёс суртахуунгүй зан авир гаргасан бол; 
7.14.3.ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлж байгаа асуудал-төслийн боловсруулалт, тооцоо судалгаа, дүн шинжилгээ, “Шилэн данс”-ны хөтлөлт-мэдээлэл хангалтгүй бол; 
7.14.4уурамч, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн бол;
7.14.5.ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх асуудал, танилцуулга, санхүүгийн тайлан тэнцэл, компанийн стратеги, зорилт, төлөвлөгөө, тооцоо, судалгаа, дүн шинжилгээ, аудиторын дүгнэлт, гэрээ, хэлцэл, үзүүлэлтүүд, холбогдох баримт бичиг, мэдээллийг ТУЗ-ийн дарга, гишүүдэд өгөх зорилгоор ТУЗ-ийн нарийн бичгийн даргад цаасан болон цахим хэлбэрээр хурал эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө өгөх үүргээ биелүүлээгүй бол;
7.14.6.Компанийн дүрмийн арван дөрөвдүгээр зүйлд дурьдсан баримт бичгийг архивын шаардлагад нийцүүлэн үнэн зөв иж бүрдүүлээгүй, хадгалаагүй бол; 
7.14.7.Компанийн тухай хуулийн 98 дугаар зүйлд заасан мэдээллийг авах эрх бүхий этгээдэд гаргаж өгөөгүй, эсвэл хугацаа хожимдуулан гаргаж өгсөн бол;
7.14.8.Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын; ТУЗ-ийн Аудитын хорооны; Цалин, урамшууллын хорооны; Нэр дэвшүүлэх хорооны үйл ажиллагааны журмуудыг мөрдөөгүй бол;
7.14.9.Авто зам, гүүр байгууламжийн засвар, арчлалт, шинэчлэлтийн ажилтай холбоотой ил, далд ажлын актгүй; дээж авч лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт хийлгээгүй бол; 
7.14.10.Байгаль цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс хамааралгүйгээр, хариуцсан авто замын болон гүүр байгууламжийн эвдрэл, гэмтлээс, халтиргаа гулгаанаас, тэмдэг-тэмдэглээнээс шалтгаалан осол аваар гарсан, түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд, зорчих нөхцөлд сөргөөр нөлөөлж байгааг холбогдох байгууллагаас тогтоосон бол;
7.14.11.Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг гаргуулаагүй бол;
7.14.12.Тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний хэлцэл, түүний үнэ зэргийг улирал, жилийн тайлангийн тодруулгад, шилэн дансанд тусгах замаар нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол;
7.14.13.Ажлын байр, тоног төхөөрөмжид эрсдэлийн үнэлгээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал, осолгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын шаардлага-заалтыг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байр, машин механизм, түүхий эд материал, технологийнхоо онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны болон технологийн заавар, картыг боловсруулан баталж мөрдүүлээгүй бол; 
7.14.14.Компани ерөнхий ба туслан гүйцэтгэгч, түншлэгчдийн хооронд гэрээгээр хүлээсэн санхүүгийн, чанарын хяналт тавих зэрэг үүргээ хугацаанд нь бус хангалтгүй биелүүлснээс шалтгаалан авто замын эвдрэл, торон хагарал гарсан, тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих нөхцлийг хангуулаагүй, түүнчлэн компанийн дүрмийн хоёрдугаар зүйлийн заалтуудыг болон компани, төрийн захиргааны төв байгууллага /яам/ хоорондын гэрээг  зөрчсөн, улсын чанартай авто замын шинэчлэлт, засвар, арчлалтын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсан, өр төлбөр, алдагдал гаргасан, хохирол учруулсан бол;  
7.14.15.Аж ахуйн нэгж, иргэнээс компанийн авах  авлагыг шуурхай барагдуулах талаар ажил зохион байгууллаагүй хугацаа алдах, эсвэл “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх” замаар Шүүхийн шийдвэрээр авлагаа хэрэгсэхгүй болгуулж, авлагаа найдваргүй авлагад тооцон зардал үүсгэсэн, үүнээс шалтгаалан компанийн орлогын албан татварын болон  ашгийн хэмжээг бууруулсан бол; 
7.14.16.Ерөнхий ба туслан гүйцэтгэгч, түншлэгч, зөвлөгч компанийн нэгж бүрийн ажил гүйцэтгэх хурд, хүчин чадал, түүхий эд материалын орц, бэлдэц, арга-технологийн байдал, туршлага, ажилчдын ур чадвар нь хангалтгүйгээс, түүнчлэн ажил дуусгах ба баталгаат хугацаанд хүлээх үүрэг, алданги, хариуцлага, лабораторийн стандарт-чанарын хяналт гэх мэтийг тухайн гэрээнд тодорхой тусгаагүйгээс, эсвэл гэрээний үүргийг хэрэгжүүлээгүйгээс гологдол, үргүй зардал гаргасан, эдгээрээс хамаарч төсвийн хөрөнгийн эх үүсвэрээс төлөх өглөгөө нэмэгдүүлсэн, компанийнхаа хэвийн жигд ажиллагааг алдагдуулсан, улмаар компанийн өрийг хувьцаагаар нь солих гарцаагүй байдалд хүргэхээр байгаа бол;
7.14.17.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтаас зөрчсөн, анхан шатны баримтын бүрдэлгүй төлбөр төлсөн, түүнчлэн гэрээ, түүнийг дүгнэсэн гүйцэтгэлийн баримт бичиг, актыг иж бүрдүүлээгүй, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол;  
7.14.18.Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд бусад хуульд заасан хариуцлагыг оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

Найм. Урамшуулал
8.1.Төрийн өмчийн хорооны 2010 оны 166 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын дагуу компанийн гүйцэтгэх захирлын гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгч, урамшуулна.

8.2.Компанийн соёл, ажлын чанар, орлогын албан татвар төлөлт, цэвэр ашгийн өсөлт, компанийн дүрмийн заалтууд, гэрээний биелэлтийг харгалзан үзэж, компанийн захирал, ажилтнуудыг урамшуулах, салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр, төрийн дээд шагнал одонгоор шагнуулахаар тодорхойлох саналыг ТУЗ-өөс гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч-Төрийн өмчийн хороонд, эсвэл салбарын яаманд хүргүүлнэ.                                                               
                                                       
                                                                           -оОо-
Төсөл боловсруулсан:   А. Чулуунбат /Хараат бус гишүүн/

Компани, ТУЗ-ийн дарга, гишүүд танилцаж өгсөн саналыг тусгав.

No comments:

Post a Comment